Thursday, May 8, 2014

Бие бялдраа чийрэгжүүлэхийн тулд өдөр бүр ЯВГАН АЛХ

Явган явах, цэвэр агаарт алхах нь хамгийн боломжтой, хүн болгонд хүртээлтэй хялбар дасгал юм. Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхах, явган явах гэж үздэг. Явган алхах зуураа өөрийнхөө бэлхүүснээс барихад дотоод булчингууд таны алхах тоолонгоор эрчимтэй ажиллаж байгааг мэдрэх болно. Энэ нь тусгайлсан тоног төхөөрөмж шаарддаггүйгээс гадна жилийн дөрвөн улирлын ямар ч цаг агаарт өөрийн тохиромжтой цагтаа хичээллэх боломжтойгоороо бусад дасгалаас давуу талтай.

 Толгойгоо эгцлэн, цээжээ цэхэлж, бөхийлгүй алхах хэрэгтэй. Гэдсээ бага зэрэг татаж, булчинг чангалсан байдалтай, биеэ эгц шулуунаар явах нь бэлхүүс нарийсгах, нурууны булчин чангалах, биеийн галбирт өөрчлөлт оруулахгүй байх чухал ач холбогдолтой дасгалд ордог. Алхалтын үед гар, мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, тохойгоо хойш нь сайн гаргаж, урагш, хойш савж буй гарын хөдөлгөөн 90 хэмийн байрлалтай барьж алхах хэрэгтэй. Алхалтын хооронд амьсгал авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа буюу гурвын тоонд, эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад, хоёр тасалж гаргах зэрэг дөрвийн тоонд амьсгалаа хуваарилж алхах учиртай. Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгон алхах нь хөлийн гуя, өгзөгний булчинд хүчтэй нөлөөлдөг. Алхмыг хөлийн өсгийгөөр эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан, өлмийгөөр түлхэж дуусгана.
Алхахдаа хөлөндөө таарсан зөөлөн, спортын зориулалттай кейт өмсөж, салхи агаар нэвтрэх хөнгөн даавуун хувцас өмсвөл сайн. Эрүүл хүн өдөрт таван км эрчимтэй алхах хэрэгтэй байдаг.
Алхалт эхлэхээс 20 минутын өмнө нэг аяга ус ууж болно. Ам хатаж байна гэдэг нь таны биед ус дутагдаж байгаагийн эхний шинж тэмдэг юм. Алхалтын дараа юм уух болбол чихэрлэг, исгэлэн ундаа аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Нэг амьсгаагаар дуустал залгилж уух биш, бага багаар амсаж уух нь сайн.
Ойролцоогоор 10000 алхам хийхэд хүний бие 300 килокалори эрчим хүчийг ялгаруулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөр авах энергитэй тэнцдэг.

No comments:

Post a Comment